Энэ бол та бидний сайн мэдэх амин хувиа хичээсэн зангийн зүйрлэл юм. Ямарваа нэг асуудал таньд болоод таны ойр дотныхон, таны амьдарч буй орон нутагтай холбоотой биш бол үртэс шиг л жижигхэн санагддаг. Харин яг тэр асуудал таны амьдралд ирэхэд нүдийг тань аварга том дүнз мод хаацан юм шиг зовлонтой санагддаг. Яг өөрийнх нь эргэн тойронд ирэхэд л хор уршигын ухаардаг гэм бидний дунд зан болон тогтжээ. Гэтэл бидний амин хувийн эрх ашигт хамаагүй хэмээн бодож явах хооронд Монгол орон маань цөлжилтийн шуурганд аль хэдийнээ нэрвэгджээ.
Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дагаврын эцсийн үр дүнг цөлжилт гэсэн томьёололд хамааруулж ойлгодог ажээ. Зөвхөн элсэрхэг говьд бус уул ус нь тэгширсэн хангай газарт болоод монгол орны бусад нутгуудаар ч элсний нүүдэл аль хэдийнээ эхэлчихсэн нь цөлжилт хүчээ авч, бидний нүдэнд ил болж байгааг харуулж байна. Хамгийн ойрын нэг жишээ дурдахад ХУД-ийн 14-р хороо буюу Өлзийт хороололд сүүлийн дөрвөн жил хавар, намар, зуны улиралд хүнд даацын машинууд өдөр шөнөгүй мал бэлчидэг талаар хайрга, чулуу зөөн явсанаас өвс ургамал, малын бэлчээр нь устаж одоо тэнд жоохон л салхи гарахад улаан шороо босож, амьсгалахад ч бэрх болжээ. Энэ бол бидний яриад байгаа цөлжилтийн хамгийн анхан шатны шинж юм. Нэг барилгын компаний буруутай үйлдлээс хорооны хүн ард, байгаль хохирч байна. Гэхдээ энэ зөвхөн хамгийн жижигхэн бөгөөд наад захын жишээ юм. Улс орны хэмжээнд харвал хээрийн бүс нутгийн унаган ургамал болох хайлаас, бургас, харганы төрлийн зарим мод, сөөгүүдийн тархалт хумигдаж, 90 гаруй төрөл зүйлийн ургамал устаж үгүй болсон мэдээ байна. Ургамлын бүрхэвч алдагдсанаар элсний нүүлт хөдөлгөөнийг идэвхжүүлдэг байна. Мөн эх орны минь цэнхэр судас гэж нэрлэх хоёр мянга гаруй гол горхи ширгэн үгүйрчээ. Хүн мал усгүйгээс цөөн хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шавааралдаж малчид бууснаас тэр орчмын газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлдэг байна.
Цөлжилтийн хор уршиг зөвхөн эдгээр зүйлсээр тодорхойлогдохгүй нийгмийн бусад салбарт ч асар их хохирол авчирч байгааг бид дараах жишээнээс харж болно. Төмөр замын рейс төмөр, дэр модыг шинээр сольсноос хойш 20 жил ашиглах нормтой байдаг. Гэтэл элснээс болж найман жил ашиглаад солихоос аргагүй болж байгаа гэнэ. Мөн төмөр замын рейс төмрүүд хоорондоо 4 мм-ээр л зөрөхөд галт тэрэг замаас гарах аюул учирдаг. Гэтэл элсэн шуурга зам төмрийг зүлгүүрдсэн мэт хурдан элээж, овоорсон элс чийг авсан нөхцөлд рейс төмрүүдийн хооронд богино холбоо үүсгэн гэрэл дохио, замын хаалт, зам шилжүүлэх автомат төхөөрөмж зэргийг ажилгүй болгох аюул ч тохиолдох болжээ.
Энэ байдлаараа монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөх вэ гэсэн асуулт бий болж байна.Нэг хүний амьдрах насанд ажиглагдахуйц тийм хурднаар байгаль дэлхий нүдний өмнө хувиран өөрчлөгдөж байгааг бид харж байна. Харин байгалийн оршин тогтнох талаар 1980 онд цөмийн физикч эрдэмтэн Жэймс Лавлок “ Гайа” онолыг анх дэвшүүлэн тавьжээ. Тэрээр дэлхийг нэгэн аварга том организмаар төлөөлүүлдэг урт удаан хугацаанд хөгждөг хэмээн үзвэл дэлхий өөрөө бусад амьтдын төгс амьд организм бөгөөд өөрөө зохицуулах, эрүүл мэндээ хамгаалах зохилдлогоотой байдаг гэжээ. Эрдэмтэн өөрийн онолоо санал болгосноор дэлхийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй янз бүрийн эрхтэнүүд байдаг гээд ой мод бол усыг шүүн цэвэршүүлэх үүрэгтэй бөөр хэмээн зүйрлэсэн бол, далай тэнгисийг уушиг, гол мөрнийг цус, хад чулууг ястай зүйрлэжээ. Ингээд хэрвээ аль нэг эрхтэнийг нь устгавал тухайн организмын хэвийн амьдралд ноцтойгоор нөлөөлдгийг зүйрлэн хэлсэн байна. Амьд организмын нэг нь нөгөөгөөсөө зайлшгүй хамааралтай байдаг учир нэг нь өвчлөхөд нөгөөдөө заавал нөлөөлдөг. Ингэхдээ хүний бие эрхтний адилаар дэлхийн бие эрхтэнүүд зөвхөн тодорхой хязгаарыг хүртэл гэмтэл, эвдрэлийг дааж чадна. Түүнээс хойш бол сүйрэлд хүрэх нь тодорхой юм.
Тэгвэл байгальд хүн төрөлхтөний үзүүлэх сөрөг нөлөөг, амьд биетэд вирус ямар сөрөг нөлөө үзүүлдэгтэй адил авч үзэх хэрэгтэй болж байна. Түүний онолоор таамаглаж буй бүхэн биелэх юм бол биднийг тун гунигт ирээдүй хүлээж байна. Хараа алдрам өргөн уудам нутагт өвс, ургамал гол горхи нэг ч үгүй. Гагцхүү үржил шимгүй улаан эрээн элс шороо үе үе тэнгэр өөд шуурах бөгөөд амьд амьтны бараа саравчлаад л үл үзэгдэнэ. Энэ бол цөлжилт хэмээх гамшигт нэрвэгдсэн олон олон газрын, өнөөгийн нэрвэгдэж буй нутгуудын ирээдүйн дүр зураг. Ийм байдалтай бид эх орноо үлдээхгүй тулд дараах хоёр зарчимыг хослуулан баримтлах хэрэгтэй гэж бодож байна.
Comments
Post a Comment